...
Та санаа бодлоо хуваалцахыг хүссэн ч өөртөө эргэлзэж, чимээгүй өнгөрч байсан удаа байдаг уу? Таны хэлэх гэсэн санаа хэтэрхий эсрэг тэсрэг, хамааралгүй мэт санагдаж, хэлэх юм бол яриаг тасалдуулж анхаарлыг өөр дээрээ авчих юм шиг санагдаж байсан уу? Мөн тэр үед та таны хэлэх гэсэн санал тийм ч чухал биш гэж бодогдож байсан байж болох юм. Хэлэхийг хүссэн боловч залгиад үлдсэн үг бүрийн цаана мэргэжил, чадвартай дутмаг байдал бус харин үнэндээ өөртөө итгэх итгэлгүй байдал үйлчилж байдаг болохыг судалгаагаар харуулсан байна.
Бид өдөр тутамдаа ийм байдалд байнга л ордог. Хийж буй ажилдаа болон багтаа хувь оруулахуйц санаа байсан ч заримдаа хуваалцахаас эмээх тохиолдолд гардаг.
Судалгаанаас үзэхэд олон хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд карьерынхаа эхэн үед өөртөө итгэл муутай байдаг. Ер нь сүүлийн үеийн хэд хэдэн судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад өөрсдийнхөө давуу талыг дөвийлгөн сурталчлах нь бага байгааг харуулж байна. Энэ нь эмэгтэйчүүдийг ажилд авах, өрсөлдөхүйц цалин санал болгох магадлал бага болгодог сул талтай.
Та ажилд шинээр орсон эхний хэсэг хугацаанд эсвэл өндөр мөнгөн дүнтэй холбоотой эрсдэлтэй нөхцөл байдалд орсон үед өөртөө итгэх итгэл бага байх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ бусад тохиолдолд, жишээ нь тухайн салбартаа хангалттай удаан ажилласан байх үед өөртөө итгэх итгэл бага байх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ нь бага насанд тохиолдсон ямар нэг үйл явдал, танай байгууллагын соёл, таны зан чанар, өмнөх туршлага эсвэл бусад шалтгаануудаас үүдэлтэй байж болно.
Хамгийн чухал нь өөртөө итгэлгүй байдал гэдэг төрөлхийн зан чанар биш харин сурч хөгжүүлж болдог чадвар гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь өөрийгөө илүү ухамсарлаж, сэтгэлгээгээ өөрчилж, өөрийгөө ажилдаа бүрэн дүүрэн зарцуулж сурахаас эхэлдэг.
Өөртөө итгэх итгэлийг бий болгоход туслах хоёр үе шаттай аргыг танилцуулж байна. Эхний алхамд та өөрийгөө илүү таньж мэдэн хэний ч хийж чадахааргүй зөвхөн таны л хийж чадах үнэ цэнийг хэрхэн бий болгохоо ойлгох болно. Хоёр дахь алхамд та өөртөө илүү итгэлтэй мэдрэмж төрүүлэх дасгал болон жижиг үйлдлүүдийг сурна.
Бидэнд бүгдэд нь ямар нэг байдлаараа бусдаас өөр өвөрмөц шинж чанар байдаг. Сайн бодоод үзвэл бусадтай хуваалцах мэдээлэл, мэдлэг заавал байдаг. Хамгийн эхний алхам бол хийж байгаа зүйлээ орхиод анхаарлаа төвлөрүүлээд таныг та байлгаж байгаа зүйлүүдийг бодох хэрэгтэй. Яг таныг бусдаас өөр болгодог зүйл юу байна вэ?
Өөрийгөө олох аянд гарахдаа та өөрийн өнгөрсөн амьдрал, туршлага болон зан чанаруудын тухай бодоорой. Өсөж том болсон орчин, гэр бүлийн байдал, хүүхэд насны чухал үйл явдлууд, хобби болон сурсан сургууль гэх мэт. Мөн өөрийн зан чанар, хийх дуртай зүйлс, давуу болон сул тал, хүндэлж биширч явдаг хүн гээд бүгдийг жагсааж бичээрэй. Эдгээр зүйлсийн нийлбэр үр дүнд та өнөөдрийн та болсон байгаа.
Үүний дараа өөрийн гаргасан амжилтуудаа хамгийн жижгээс эхлээд жагсааж бичээрэй. Гаргасан амжилт бүрдээ өөрийгөө шагнаж урамшуулсан талаар бодоорой. Хэрвээ урамшуулалгүй өгөрсөн удаа байвал яг одоо нөхөөд өөрийгөө шагнаарай. Учир нь амжилт бүрийн цаана асар их хөдөлмөр байдаг.
Өөрийгөө танин мэдэх нь таныг юу догдлуулж юу урагш хөдөлгөж байгааг мэдэх явдал юм. Энэ нь та өөрийн хэрэгцээ хүслийг ойлгох, давуу болон сул талууд юу болохыг мэдэх, сэтгэл хөдлөлөө зөв үнэлэх чадвартай байх явдал юм. Өөрийгөө таньж мэдсэн хүмүүс өөрсдийнхөө дотор эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу вэ? гол цөмдөө хэн бэ? гэдгээ мэддэг.
Алхам 1-т та өөрийнхөө хэн болох бусдаас юугаараа ялгардаг талаар бодсон бол энэ алхамд өөртөө итгэлтэй болохын тулд та өөрийнхөө хийдэг зүйлс болон хандлагыг өөрчлөх шаардлагатай болно.
Жижигээс эхэл
Өөртөө итгэлтэй байна гэдэг нь бардам, хэрүүлч, түрэмгий байна гэсэн үг биш юм. Цоо шинэ хүн болж хувирах тухай ч биш юм. Харин тааламжтай байдлаар өөрийгөө батлан харуулах тухай юм.
Хэрвээ та онлайн хурлын үеэр камераа хаачихдаг бол дараагийн удаа камераа асаахаас эхлээрэй. Онлайн хурлаас хэдэн минутын өмнө ороод бусад хүмүүстэй чатлах, толгой дохих, ярих нь танд дадал болж илүү чөлөөтэй болгоно. Мөн өдөр дутам хамт ажилладаг хүмүүстэйгээ хурлын бус цагаар санаа бодлоо бага багаар солилцож үзэх хэрэгтэй.
Эдгээр жижиг үйлдлүүд нь танд хамтран ажиллагсадтайгаа илүү сайн танилцаж, итгэлийг бий болгож, айдасгүйгээр өөрийгөө илэрхийлэх итгэлийг өгнө.
Аюулгүй гэж санагдсан тайван орчинд дадлага хийж эхэл. Та толины өмнө өөртөө итгэлтэй харагдах биеийн хэлэмжийг давтаж болно (цэгц зогсох, нүдээрээ харьцах гэх мэт) эсвэл найзуудтайгаа санал бодлоо илүү хүчтэй илэрхийлэхийг оролдож болно.
Ийм маягаар та хэдэн долоо хоног бэлтгэл хийсний дараа ямар нэг уулзалтад санаа бодлоо илэрхийлэх гэж оролдох нь чухал. Өөрийн үзэл бодол, санаагаа итгэлтэйгээр хуваалцсан тохиолдолд багийн хүмүүс нь таны санаа бодлыг үнэлж, эцсийн шийдвэрийг гаргахдаа тэдгээрийг харгалзан үзэх болно.
Шинэ зүйл сурахад цаг хугацаа, дадлага шаардагддаг ч өөрчлөлт хийхээр амласан л бол илүү сайжирч чадна гэдгийг ойлгох нь чухал. Мөн дадлага хийх явцдаа арга барилаа өөрчилж, өөрт тохирох зүйлийг олж мэдэх хэрэгтэй гэдгийг санаарай. Цаг хугацаа өнгөрөхөд таны өөртөө итгэлтэй сэтгэлгээ улам бүр төрөлхийн мэт санагдаж, та үүнийг бодолгүйгээр хийдэг болно.
Нэг шөнийн дотор өөрчлөх гэж бүү оролд. Хамтран ажиллагсад таныг шинэ арга барилаар оролдож байгааг харваад санаа зовниж байж болох юм (эсвэл заримдаа ууртай ч байж болох юм). Учир нь тэд таныг аль хэдийн тодорхой хайрцагт оруулсан бөгөөд одоо та өөрчлөгдөж байгаа бөгөөд ихэнх хүмүүс өөрчлөлтөд дургүй байдаг.
Хэрвээ та өөртөө итгэлтэй болж амжилтад хүрэхийг хүсвэл удахгүй болох "Амжилтад хөтлөх ур чадварууд" курс хөтөлбөрт хамрагдаарай.